ЦАГДААГИЙН БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын үйл ажиллагаа Монгол Улсын баатар М.Икейн нэрэмжит төв талбайд зохион байгуулагдлаа. Ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын төлөөллүүд, аймаг орон нутаг болон цэрэг, хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчид, ахмадууд оролцож туганд хүндэтгэл үзүүллээ.

ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албаны үйл ажиллагааг сурталчлах, алба хаагчдын албандаа итгэх итгэл, албаараа бахархах, урам зоригийг сэргээх, өсвөр үе, хүүхэд залуучуудад тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, түүх соёлоо хайрлан хамгаалах, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор алба хаагчдын бахархал, үнэт зүйл болсон Цагдаагийн болон дотоодын цэргийн байлдааны тугийг 21 аймгаар ийнхүү тойрон аялуулж цэнгүүлэх, хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Цагдаагийн байгууллагын 100 гаруй жилийн түүхэнд Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаар ингэж тугийг аялуулж байсан удаагүй аж.

     Тус ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Камелият оролцож мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр “Өнөөдөр Монгол орны минь баруун хязгаар Алтайн нурууны сүрлэг цаст ноён оргил Баян-Өлгий аймагт маань монгол төрийн Цагдаагийн байгууллагын болон Дотоодын цэргийн байлдааны сүр жавхлант туг аялан ирж, аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний сүр жавхлант, яруу алдар, цог хийморийг  бадраасан, алба хаагчид, албаараа бахархсан тэмдэглэлт  түүхэн өдөр болж байна. Цагдаагийн байгууллагын болон дотоодын цэргийн  сүр жавхлант тугийг аялуулах шийдвэр гаргасан Цагдаагийн ерөнхий газрын удирдлага, түүний зөвлөлийн гишүүд, ахмадын холбоо, тугийг аймагт маань залж авчирсан Ажлын хэсгийн ахлагч Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дэд дарга, хошууч генерал М.Ганболд болон танай баг хамт олонд  хувиасаа болон аймгийн нийт ард, иргэдийнхээ нэрийн өмнөөс баярласан, талархсанаа илэрхийлье.

 Монголын төрийн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын цог хийморь, золбоо сүр хүч, ажил үйлс нь, үеийн үед жанжин туг шигээ босоо, Алтай таван богд хайрхан  шиг өндөр байх болтугай.” гэлээ.

Тугийг 1992 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардаж авснаас хойш туг шинэчлэгдээгүй өнөөг хүрчээ. Улмаар Цагдаа, дотоодын цэргийн ахмадын зөвлөл санаачлан тугийг шинэчлэн сэлбэжээ. Ингэхдээ Монгол Улсын 21 аймгийн 200 гаруй сумаас нийт 330 гаруй адууны дэл сүүлээр сэлбэсэн байна. Цагдаагийн байгууллагын туг нь бие бүрэлдэхүүний сүр жавхлан, яруу алдрын илэрхийлэл, сүслэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл, Дотоодын цэргийн цагаан арслан бэлгэдэл нь эр зориг, сүр хүч, цог хийморь, мандан бадрахын илэрхийлэл аж.

You May Also Like