АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛААР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСГИЙГ АЛБАН ӨРӨӨНДӨӨ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Аймгийн Засаг дарга А.Камелият Боловсрол, Шинжлэх Ухааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Н.Нарангэрэлээр ахлуулсан ажлын хэсгийг өнөөдөр /2023.05.29/ дахин албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

        Ажлын хэсэг Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын А/227 дугаар тушаалаар аймгийн Боловсрол, Шинжлэх Ухааны газар болон нийт боловсролын байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт, дотоод аудит хийх зорилгоор манай аймагт энэ сарын 24-30-ны хүртэлх хугацаанд ажиллаж байгаа билээ.

Өнөөдрийн уулзалтаар ажлын хэсгийн холбогдох хүмүүс тус хугацаанд хийгдсэн хяналт шалгалтын урьдчилсан тайлангийн үр дүнг Засаг даргад танилцуулж, холбогдох зөвлөмжүүдийг өгөхөөс гадна нэгдсэн тайланг аудитын хороонд танилцуулж, хэлэлцсэний дараа дээрх газруудад мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжүүдийг хүргүүлэх болно гэдгийг онцоллоо.

            Ажлын хэсгийн ахлагч Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Н.Нарангэрэл танай аймагт боловсролын салбарын байгууллагуудад илүү орон тоо маш их байна. Энэ нь эргээд маш олон сөрөг үр дагаварт хүргэж байна. Боловсролын байгууллагууд орон тооны дээр биш Боловсролын чанарын асуудал дээр анхаармаар байна гэлээ.

     Засаг дарга энэ үеэр аймгийн зүгээс боловсролын салбарт авч хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнүүдийг танилцуулан, Боловсролын чанарын асуудалд байнга санаа зовж явдагаа илэрхийлэн, Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас ирүүлэх  мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авч ажиллах болно гэв.

Мөн уулзалтын үеэр талууд ЭЕШ-ын үр дүн, аймгийн боловсролын салбарт тулгамдсан асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал мэдээлэл солилцлоо.

You May Also Like