Эх үрсийн баярыг тохиолдуулан Өлгий сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авч баярлуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор өнөөдөр /2023.05.30/ “Хүүхэд бүхэн жаргалтай байг” үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Өлгий сумын нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчийн хамт оролцлоо.
Үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, НЛМ-М ХБХХ Төсөл, ХБХЭЭХ-ны Баян-Өлгий салбар хамтран зохион байгуулж, УИХ-ын гишүүн Т.Аубакир санхүүжүүлж, гарын бэлэг гардууллаа. Уг үйл ажиллагааны үеэр зохион байгуулагчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нэг өдрийг баяр хөөртэй, хөгжилтэй өнгөрүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог сайжруулах зорилгоор тэдгээр хүүхдийн онцлогт тааруулан хөгжөөн баясгах янз бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулав. ХБХЭЭХ-ны Баян-Өлгий салбарын судалгаагаар манай аймагт 700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг байна.
Тус үйл ажиллагааг нээж ХБХЭЭХ-ны Баян-Өлгий салбарын зохицуулагч Т. Ерлан үг хэлж, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Хуралай, Т.Аубакир гишүүний бие төлөөлөгч Ш.Пажин, БТСГ-ын дарга Х.Хайнар, ХБХХ төслийн ажилтан/орчуулагч Н.Байболат нар мэндчилгээ дэвшүүллээ.