2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр /2023.08.30/ Багш нарын бага хурал боллоо. Бага хуралд аймгийн боловсролын салбарын багш, ажилтнуудыг төлөөлж 500 гаруй багш болон аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга M.Адилбиш, аймгийн БШУГ-ын дарга С.Хонаев нар оролцлоо.
Хурлыг нээж аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл нээж үг хэлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Тус хурлаар өнгөрсөн оны ажлаа дүгнэж, 2023-2024 оны хичээлийн жилийн зорилтоо тодорхойлж, аймгийн БШУГ-ын дарга С.Хонаев Боловсролын багц хуульд туссан багштай холбоотой зарим заалтуудыг онцолж, хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой мэдээлэл өглөө.
Мөн энэ үеэр 2022-2023 оны хичээлийн жилд ЭЕШ-аас 800 оноо авсан сурагчид, тэдгээрийг бэлтгэсэн багш нарыг шагнаж урамшууллаа. Мөн энэхүү бахдам амжилтын цаана нь сургуулийн удирдлага, хамт олны нөр их хүчин чармайлт байсан гэдгийг аймгийн удирдлагууд өндрөөр үнэлж улсын дундаж онооноос дээгүүр амжилт гаргасан сургуулийн удирдлага, хамт олныг шагнаж урамшуулав.