Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн Боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Эльмира нар Монгол дахь Америкийн Нэгдсэн Улсын Энх тайвны корпусын (ЭТК) Орон хариуцсан даргын үүрэг гүйцэтгэгч Мередит Далтон, сайн дурын ажилтнуудын виртуал үйл ажиллагаа хариуцсан зохицуулагч П.Ариунаа нарыг хүлээн авч уулзлаа.
Монгол дахь Америкийн Нэгдсэн Улсын Энх тайвны корпусын (ЭТК) Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1991 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд америк иргэд болох сайн дурын ажилтнуудад үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын Засгийн газрын байгууллага юм.
Эхний жилүүдэд Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд зөвхөн Улаанбаатар хотод ажиллаж байгаад, хөтөлбөрийн хүрээгээ тэлж, сайн дурын ажилтнууд Монгол Улсын 21 аймагт англи хэлний боловсрол, олон нийтэд түшиглэсэн эрүүл мэнд, эдийн засгийн хөгжил, мөн хүүхэд залуучууд, орон нутгийн хөгжил гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ.
Уулзалтын үеэр Монгол дахь ЭТК-ын Орон хариуцсан даргын үүрэг гүйцэтгэгч Мередит Далтон ЭТК-ын шинэлэг санаа, санаачилгуудыг танилцуулж, талууд цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын Б.Мухамед сайн дурын ажилтнуудыг аймагтаа хүлээн авч ажиллуулах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.