Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төcлийн хүрээнд “Алслагдсан орон нутагт амьдарч буй иргэдийг цар тахлын урьдчилан сэргийлэлт, хяналтын талаарх чадавхыг бэхжүүлэх арга хэмжээ”-г танилцуулах цахим уулзалтыг Дэлхийн зөн монгол ОУБ-аас зохион байгуулж төслийн үйл ажиллагааны албан ёсны нээлтээ хийлээ.
Цахим уулзалтад Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төсөл хэрэгжүүлэх нэгж, Баян-Өлгий, Ховд аймгуудын удирдлагууд, ажлын хэсэг, хамтрагч байгууллагууд, ИНБ-ын төлөөлөл оролцлоо.
Аймгийн Засаг дарга А.Камелият уг уулзалтын үеэр үг хэлэхдээ манай аймгийг шинэ төслөө хэрэгжүүлэхээр сонгосонд талархаж байгаагаа илэрхийлэн, төслийг дэмжиж, хамтран ажиллах болно гэв.
Уулзалтын үеэр Дэлхийн банкны санхүүжилттэй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төcлийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч, сургалтын дотоод зөвлөх Л.Дэлгэрзул төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга, ХӨСҮТ-ийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн М.Ариунмарал “ДЭМБ-ын хөндлөнгийн хамтарсан үнэлгээгээр Монгол улсын эрсдэлийн мэдээлэл харилцаанд өгсөн үнэлгээний талаар” танилцуулга хийв.
Алслагдсан орон нутагт амьдарч буй иргэдийн цар тахлын урьдчилан сэргийлэлт, хяналтын талаарх чадавхыг бэхжүүлэх зорилготой энэ арга хэмжээ 2023 оны 11 дүгээр сараас эхэлж 6 сарын турш хэрэгжих юм.