Хуучин оноо үдэж, ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл, өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтаж байгаа Та бүхэндээ шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.
Он солигдох торгон мөчид бид улиран одож буй оныхоо амжилт бүтээл, алдаа оноог дүгнэн цэгнэж, айлчлан ирж буй шинэ ондоо хийж бүтээх ажлаа төлөвлөн ярилцдаг сайхан уламжлалтай билээ. Бид алдаа оноо, амжилт бүтээл хосолсон нэгэн оныг хамтдаа үдлээ.
Улиран одож буй 2023 онд Баян-Өлгий аймагт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн бүх салбарт амжилт, бүтээлийг өрнүүлж чадлаа. Ажилгүйдэл урьд онуудаас 10 хувиар буурч, дотоодын нийт бүтээгдэхүүн 658.0 тэрбумд хүрч өсөв.
Хөгжлийг бид зөвхөн байшин барилга, бүтээн байгуулалтын салбараар хязгаарласангүй. Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй гээд бүх салбарт хүнээ хөгжүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг эрчимтэй зохион байгууллаа.
Аймаг маань эдийн засгийн хүндрэлтэй үеүдийг даван туулж, эдийн засгаа сэргээхэд төр засгийнхаа бодлого, шийдвэрийг дэмжин, ачааны хүндийг үүрч, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө хүчин зүтгэсэн аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчид, нийт Өлгийчүүддээ гүн талархал илэрхийлье.
Ирж буй 2024 онд ололт амжилтаа улам бататгаж, ирэх цагийн өнгийг сайн сайхнаар төсөөлөн бэлгэшээж, Баян-Өлгий аймгийг улсын тэргүүлэх аймаг болохын төлөө эвийн хүчийг нийлүүлэн, эрдэм ухаанаа нэгтгэн ажиллаж, зорилго, зорилтоо биелүүлсэн, амжилт бүтээлээ ахиулсан он жил байх болно гэдэгт итгэл төгс байна.
Мөн он солигдох торгон мөчид өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эх орныхоо дархан хилийг манаж буй хилчид, цэрэг дайчид, албан үүргээ гүйцэтгэж буй эмч сувилагч, цагдаа, онцгой байдал, эрчим хүч болон төрийн албан хаагчдадаа нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
Ирж буй шинэ ондоо Та бүхний ажил үйлс өөдрөг, ахуй амьдрал дээшилсэн, аймаг орон маань хөгжиж айл бүхэнд аз жаргал, хүн бүрд эрүүл энхийг авчирсан буянтай жил болохыг хүсэн ерөөе.
Ард түмэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хайртай бүх хүн нь аз жаргалаар бялхаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!
Хүндэтгэсэн: Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият