Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд Улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн суудалтай сургууль, спорт заалны хамт баригдаж, өнөөдөр ашиглалтад орлоо.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, тус Цагааннуур тосгоны захирагчаар ажиллаж байсан аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.Зауре, Татварын хэлтсийн дарга Т.Фестивал, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга М.Армия, Хилийн 0285 дугаар ангийн захирагч, хурандаа В.Батжаргал, “Көшелик” ХХК-ны захирал Х.Мүфти болон эцэг эх, багш сурагчид оролцож эрдмийн шинэ өргөөнийхөө үүд хаалгаа ёслол хүндэтгэлтэйгээр нээлээ.
Хоёр давхар бүхий эрдмийн шинэ өргөөг “Көшелик” ХХКомпани чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэжээ. Дотроо саруулхан анги танхимуудтай, тус тусын спорт, хурлын заал, амралтын өрөө, багш ажилчдын танхим зэргээр хүүхдийг чөлөөтэй сурах хөгжих, багш ажилчдыг тав тухтай ажиллах бүхий л боломж нөхцлийг бүрдүүлж өгсөн байна.
Нээлтийн ажиллагаанд оролцсон эцэг эх, багш нар орон нутагтаа ийм сайхан, толь шиг шинэ сургууль барьж, шилжин суралцах хөдөлгөөнийг бууруулж гэртээ ойрхон газраас сургуульдаа явах, стандартын шаардлага хангасан тав тухтай орчинд суралцах боломжийг бүрдүүлж өгсөн УИХ-ын гишүүд, аймаг сумын удирдлагуудад бахархаж бас баярласан талархсанаа илэрхийллээ.