Ховд аймгийн Хар-Ус нуур дээр энэ сарын 20-21-ний өдрүүдэд “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баяр зохион байгуулагдлаа.
Малчдын санаачлаагаар эхлүүлсэн “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр нь олон угсаатны өв соёлыг таниулах, Үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа.
Тус “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баярын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед болон хэлтэс агентлагийн удирдлагууд оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Ховд аймаг сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд олон талт ажил хэрэгжүүлж байна.
Энэ жилийн “Мөнгөлөг шагшуурга-2024” цас мөсний баярын эхний өдрийн арга хэмжээнд 40,000 гаруй гадаад, дотоодын жуулчид, үзэгчид оролцсон байна.