АЙМГИЙН УДИРДЛАГУУД БУЯНТ, АЛТАЙ СУМДАД АЖИЛЛАЛАА

    УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аубакир, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон аймгийн удирдлагуудын хамтаар бүх сумдыг тойрон, иргэд хөдөлмөрчидтэй уулзан, малчдын амьдрал, ажил байдал, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, УИХ, Засгийн Газраас гаргасан бодлого шийдвэр, хууль, тогтоомж болон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг ард иргэдэд танилцуулан санал солилцох зорилго бүхий уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.

    Ээлжит уулзалт Буянт, Алтай сумдад үргэлжилж, УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг дарга А.Камелият, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан нар тус сумдад ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.

    Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Камелият Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн 2023 онд хийсэн ажил, шинэчлэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч энэ онд хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар танилцуулсан юм.

    Мөн эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, малч ухаан, ажил хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж, Алтай сайхан нутгаас Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Харнуур багийн малчин Хабайн Муратханы гэр бүлд шагнал, өргөмжлөл, цомыг УИХ-ын гишүүн Т.Аубакир аймгийн удирдлагуудын хамт өвөлжөөнд нь очиж, нутгийн зон олных нь дунд хүндэтгэл дүүрэн гардууллаа.

    Монгол малын арвин цагаан буян мөнхөд дэлгэрэх болтугай.

You May Also Like