Аймгийн Дэлүүн сум Хүйтэн буйр багийн “Төгрөг” гэдэг газар уулын нуранги үүсэж, нэг хүн сураггүй алга болooд 4 дэх өдөр болж байна. Тодруулбал, тус сумын харьяат хоёр малчин малаа хариулж яваад уулын цасны нурангид өртөж, цасанд дарагдсан тухай дуудлагыг энэ сарын 12-ны өдрийн 19:50 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан.
Аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн энэ сарын 13-ны өдрийн 02:00 цагт очиход малчин Х цасан нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн. Харин 26 настай, эрэгтэй А-г эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж, аймгийн Онцгой байдал, Цагдаагийн алба хаагчид болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтохоор ахлуулсан Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр ангиудын уулын цэргийн аврагчид гарч хүч нэмэгдүүлэн эрэн хайж байна.
Одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд цас их, зам даваа хаагдсан учир үүрэг гүйцэтгэхэд багагүй хүндрэлтэй байгаа ч нутгийн ард иргэд, сайн дурынхан эрэн хайх, аврах ажиллагаанд хүч нэмэгдүүлэн оролцож байна.
Аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед тэргүүтэй аймгийн удирдлагууд Дэлүүн суманд ажиллаж, үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр очиж танилцан, эрэн хайх ажиллагаанд шаардлагатай бүхий л дэмжлэг, туслалцааг үзүүлэн ажиллаж байна.