АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ЭНЭ ОНЫ АНХНЫ ХУРАЛДААНАА ХИЙЖ, ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ АВЧ ХЭЛЭЛЦЛЭЭ

    Аймгийн Онцгой комисс энэ оны анхны хуралдаанаа хийж, өвөлжилтийн нөхцөл байдлыг авч хэлэлцлээ. Аймгийн Онцгой комисс өнөөдөр /2024.02.17/ аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 90 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

    Аймгийн Онцгой комиссын хуралдаанд сумын удирдлагууд цахимаар оролцов. Хуралдааныг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Камелият удирдан зохион байгуулж, хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг танилцууллаа. Хуралдаанаар зургаан асуудлыг хэлэлцлээ.

Үүнд:

Нэгдүгээрт: Улсын Онцгой комиссын шийдвэрийг танилцуулах.

Хоёрдугаарт: Өвөлжилт хүндэрсэн сумуудад өвс, тэжээлийг хөнгөлттэй үнээр олгох талаар санал болон шийдвэрийг танилцуулах.

Гуравдугаарт: Сумуудад өвс, тэжээл хүргэх тээврийн хэрэгслийн шатахууны зардлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэх талаар Онцгой комиссын шийдвэр гаргах.

Дөрөвдүгээрт: Сумуудын өвөлжилтийн талаар товч тайлан болон цаашид авах арга хэмжээний санал танилцуулах.

Тавдугаарт: Сумын мэргэжлийн анги үүрэг гүйцэтгэхэд гарсан зардлын тооцоог танилцуулах.

Зургаадугаарт: Хурлаас гарах шийдвэрийн төслийг танилцуулж батлах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

    Хуралдааны эхэнд аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Камелият Улсын Онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа. “Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Иймд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зудын гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор сумдын Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагааг идэвхжүүлэхийг үүрэг болгож байна. Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсан тул олон нийтийн бүх арга хэмжээ цуцлагдсан болохыг анхааруулж байна” гэв.

    Аймгийн хувьд зарим сумдын өвөлжилт хүндэрсэн. Тухайлбал, Булган, Дэлүүн, Алтай, Сагсай, Цэнгэл, Улаанхус зэрэг сумдад өвөлжилтийн нөхцөл хүнд байгаа. Өнөөдрийн аймгийн Онцгой комиссын хуралдаанаар сумдын удирдлагууд өвөлжилтийн нөхцөл байдлын талаар болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтийн талаар танилцуулж, санал хүсэлтээ Аймгийн Онцгой комисст уламжлав.

    Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Камелият бүх сумдын санал хүсэлтийг тэмдэглэн авч, шат дараатай туслан дэмжин ажиллахаа илэрхийлэв.

    Аймгийн Онцгой комиссын хуралдаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир оролцож, Онцгой комиссын гишүүдийг саналыг сонслоо.

You May Also Like