Аймгийн ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч, зарим хэсэгт нь цагаан зуд нүүрлээд байна. Иймд аймгийн Засаг дарга А.Камелият малчдын өвөлжилтийн нөхцөл байдал, сум орон нутгийн цаг үеийн ажил байдалтай газар дээр нь танилцах, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллалаа.
Тухайлбал, Улаанхус, Цэнгэл, Сагсай зэрэг сумдын зарим багт ажиллаж, эдгээр сумдын малчдын нүүдлийн үед замдаа хоноглох хоёр газарт өвс хүргэж өгч, хаагдсан зам, даваа, гүвээг нээх ажлыг зохион байгуулав.
Малчид руу зам даваа гаргах, өвс тэжээл дөхүүлэх ажлыг сумын Онцгой комиссоос хийж байгаа ч цасан шуурганы улмаас зам даваанууд өдөртөө хаагдаж байгааг орон нутгийн удирдлагууд хэлсэн юм. Иймд аймгийн Засаг дарга Цэнгэл сумын хоёр газарт зам, даваа, гүвээг нээх ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх Ковш ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.
Мөн хүндэрсэн газар луу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх, иргэд малчид хүнс, түлш, өвс тэжээлээ татах замын цасыг цэвэрлэж зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг тасралтгүй зохион байгуулахыг сумдын удирдлагуудад үүрэг болгов.