Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 43 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан хяналт, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний тогтоол, Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг дагаж мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг сахиулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр зөвлөгөө өгөх, Ёс зүйн дэд хороодод арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах чиг үүрэгтэй байгуулагдсан ажлын хэсэг өнөөдрөөс /2024.03.25/ Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга А.Камелият Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Идэрчулуун, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ тэргүүтэй ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзаж, Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан хяналт, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, хуулийн хэрэгжилтийг сайжруулах асуудлаар харилцан санал солилцлоо.
Ажлын хэсэг аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн албаны салбар зөвлөл, ёс зүйн дэд хорооны албан хаагчдын ажилтай танилцаж, тодорхой чиглэлүүдээр хяналт, шалгалт хийж, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Мөн үдээс хойш “Төрийн албаны шинэтгэл”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тогтоомж”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр аймгийн бүх төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулах юм.