Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх” журамд заасны дагуу жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт улс орон даяар “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль”-ийг хийдэг уламжлалтай.
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдрийн 16.00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль хийсэн ба аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчид, иргэд мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхтэй оролцлоо.
Уг үйл ажиллагаа нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.
Дадлага, сургалтын үеэр чиг үүргийн дагуух томилгоот бүлгүүдэд бэлэн байдлын үзлэг хийж, зарим үүрэг чиглэлийг өглөө.