“ОЮУТАН ЦЭРЭГ” ЦЭРГИЙН ЕРӨНХИЙ БЭЛТГЭЛ ШАТНЫ СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО
Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль, Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб тав дах жилдээ “Оюутан цэрэг” хөтөлбөрийг зохион байгуулж байна. Энэ жилийн “Оюутан цэрэг” цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалтад тус аймгийн 10 оюутан хамрагдаж байна.
Хоёр сарын хугацаатай үргэлжлэх “Цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалт”-ын нээлт өнөөдөр /2024.04.01/ боллоо. Нээлтэд аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох, Баян-Өлгий аймаг дахь МСҮТөвийн төлөөлөл оролцлоо.
Сургалтын үйл ажиллагаа нээж аймгийн Засаг дарга А.Камелият үг хэлж, “Энэхүү сургалт анх 2014 оноос Улсын хэмжээнд хэрэгжиж эхэлсэн. Манай аймаг тав дах жилдээ “Оюутан цэрэг” хөтөлбөрийг зохион байгуулж байна. Та бүхэн энэхүү сургалтад хамрагдаж цэргийн эрдэмд суралцангаа амьдралын ухаанд суралцана гэдэгт итгэл дүүрэн байна хэмээгээд “Оюутан цэрэг”-үүдэд амжилт хүслээ”.
“Оюутан-цэрэг” сургалтын зорилго нь оюутан залуучуудыг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бүх талаар бэлтгэж, сэтгэл зүй, бие бялдрын өв тэгш хүмүүжлийг олгох, тэднийг ахмад үеийн баатарлаг, дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, шаардлагатай үед эх орноо батлан хамгаалах дайчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэхэд чиглэгдэж байна.
Мөн энэхүү сургалтад хамрагдсанаар суралцах хугацаандаа цэргийн албыг хаах, цаашлаад төрийн албанд ажиллах нөхцөл бүрдэж байгаагаараа онцлогтой юм.