АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ НОРВЕГИ УЛСААС ХЯТАД БОЛОН МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД СИГНЕ БРУДЕСЕТИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Аймгийн Засаг дарга А.Камелият өнөөдөр /2024.04.02/ Норвеги Улсаас Хятад болон Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сигне Брудесетийг албан өрөөндөө хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа орон нутгийн түвшний хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Норвеги Улс Норвегийн тусламжийн байгууллага /НЛМ/- аар дамжуулан Монгол улсад 1994 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 2008 оноос хойш баруун бүс нутаг руу чиглэсэн эрүүл мэнд болон хүүхдийн эрхийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Тэр дундаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”-ийг Баян-Өлгий аймагт 2020 оноос эхлэн 5 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хоёр дах шатны төслийг хэрэгжүүлэхээр аймгийн удирдлагуудтай хамтран тусгах саналуудаа хэлэлцэж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа билээ.
Аймгийн Засаг дарга А.Камелият Элчин сайд хатагтай Сигне Брудесетэд орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний гэр бүлийн амьдралын нөхцөлийг сайжруулах, тэдний эрхийг хүндэтгэн хамгаалах зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн Хөгжлийг дэмжих” төслийг манай аймагт хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгаа явдалд талархал илэрхийлэхийн зэрэгцээ орон нутгийн удирдлагууд Норвегийн тусламжийн байгууллагатай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа онцлон ярилаа.
Элчин сайд хатагтай Сигне Брудесет Норвегийн тусламжийн байгууллага /НЛМ/- аар дамжуулан тус аймагт төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд та бүхэнтэй бүх талаар хамтран дэмжин ажиллах болон гэдгээ илэрхийлэв.