БООМТЫН СЭРГЭЛТИЙН АЙМГИЙН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮД ХУРАЛДЛАА

    Аймгийн Засаг даргын захирамжаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг Баян-Өлгий аймагт эрчимжүүлэх, “Боомтын сэргэлтийн бодлого”-ын зорилтуудыг орон нутагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, биелэлтийг хангаж ажиллах үүрэг бүхий Боомтын сэргэлтийн дэд хороог байгуулсан.
     Аймгийн Засаг даргын орлогч Х.Арманаар ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй уг дэд хорооны ээлжит хурал өнөөдөр/2024.04.18/ болов.
  Өнөөдрийн хурлаар тус хорооны 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийн талаар хэлэлцэж, хорооны гишүүд төлөвлөгөөний биелэлтийг цаашид хэрхэн хангаж ажиллах талаар саналаа гарган хэлэлцлээ.
    Манай улс нийт 39 боомттой. Үүнээс агаарын замын 6, авто замын 27, төмөр замын 6 боомт бий. ОХУ-тай 16, БНХАУ-тай 17 боомтоор хиллэдэг бөгөөд үүнээс 25 боомт идэвхтэй үйл ажиллагаа явуулж, ачаа тээвэр, зорчигч хөдөлгөөн тасралтгүй явагдаж байгаа ба манай аймаг БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Хөхтохой хошуунд байрладаг Хуншаньзюй боомттой хиллэдэг Хилийн Даян авто замын боомт, ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улсын Кош-Агач хошууны хэсэгт байрладаг Ташанта авто замын боомттой хиллэдэг Хилийн Цагааннуур авто замын боомт болон Өлгий агаарын боомттой.
    Даянгийн боомт Шинжаан Уйгурын өөртөө засах оронтой хиллэдэг учраас эдийн засгаа тэлэх тэр дундаа аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой бүс нутаг.
Иймд Даян боомтыг байнгын ажиллагаатай болгох, тус боомтыг 6 дугаар сарын 1-нээс эхлэн нээх бэлтгэл ажлыг хангах, тус чиглэлийн 180км авто замыг барих, боомтын цахилгаан эх үүсвэр болон хатуу зөөлөн эдлэлийн хангамжийн асуудлыг шийдэх мөн цаашид шинэ боомтын цогцолбор барих ТЭЗҮ, зураг төсвийг боловсруулан бэлэн болгоход шаардагдах 842,0 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэн ба уг ажлыг хэрэгжүүлэх талаар энэ оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан.
   Цагааннуур боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох, тус боомтын өргөтгөлийг Азийн хөгжлийн банкны 86 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барих ажлыг эхлүүлэх, Цагааннуур Даян боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, Өлгий агаарын боомтын барилгын өргөтгөлийн ажлыг улсын төсвийн хөрөнгөөр батлагдсан 4,5 тэрбум төгрөгөөр бариулах, Өлгий агаарын боомтын агаарын хөлөг хөөрч, буух зурвасыг олон улсын хяналтын код бүхий 4С ангилалтай болгох зэрэг ажлуудыг энэ жилийн төлөвлөгөөндөө тусгагдсанаас гадна ОХУ болон БНХАУ-ын хилийн хяналтын байгууллагууд, хил орчмын сумуудын хамтын ажиллаагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах олон улсын зөвлөгөөн зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

You May Also Like