Аймгийн Засаг дарга А.Камелият өнөөдөр /2024.04.19/ МУБИС-ийн ректор, доктор, профессор Ж.Батбаатарыг албан өрөөндөө хүлээн авч уулзан боловсролын салбарт хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтаар талууд МУБИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн сургуулийн дэргэд ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулах, тус ахлах сургууль нь төрөлжсөн хичээлүүдээр гүнзгийрүүлэн судлах, аймагт хүлээн зөвшөөрөгдсөн өндөр мэдлэгтэй, туршлагатай багш нарыг ажиллуулах, суралцагчдаас тодорхой хэмжээний төлбөр авах зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.
Талууд Багшийн сургуулийн дэргэд ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулагдсанаар аймаг орон нутгийн хөгжилд нэн шаардлагатай өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдийг орон нутагт бэлтгэх суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш, МУБИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн сургуулийн захирал, доктор Ж.Хиналган нар оролцов.