Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2024.04.19/ болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг дарга А.Камелият удирдан зохион байгууллаа.
Өмнөх шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцуулав.
Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар, Өлгий сум болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.
ӨНӨӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ХУРАЛДААНААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Бүх агентлаг, байгууллагын дарга нарт
• Байгууллагуудын ойр орчмын цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулах
Өлгий сумын Засаг дарга Х.Нурболатад
• Үерийн далангийн ажилд хяналт тавих, үерийн далангийн эрсдэлтэй газруудад ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
• Худалдаа,үйлчилгээ эрхэлж буй газрын урд талыг эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгах арга хэмжээ аваагүй аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшлийн талбайг төрийн мэдэлд авч, тохижуулах
Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат, БОАЖГ-ын дарга Ш.Марат, СДОА-ийн дарга Х.Есенбол болон аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол нарт
• Хаврын мод тарилтын бэлтгэл ажлыг хангах, БНХАУ-аас модны үрсэлгээ татаж авах ажлыг зохион байгуулах
Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат, аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Х.Бахытгүл нарт
• Хотын төвийн эвдрэлтэй замыг засварлах ажлыг зохион байгуулах
БШУГ-ын дарга С.Хонаевт
• Улсын болон олон улсын тэмцээн,олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчдад хүндэтгэл үзүүлэх, анхааралдаа авах
МЭГ-ын дарга Ч.Буян-Өлзийд
• Малын сэг зэм устгах ажиллагаатай холбогдуулан гарч байгаа зөрчил дутагдал, тулгамдаж байгаа асуудлыг танилцуулах, сэг зэм устгах
Сумдын Засаг дарга нар, ХХҮГ-ын дарга А.Галия нарт
• Сумдад мод тарих, малын сэг зэм устгахад дэмжлэг үзүүлэх, нийтийг хамарсан ажилд төсөл, хөрөнгө оруулалтын саналаа ирүүлэн хамтран ажиллах ажлыг үүрэг болголоо.
Түүнчлэн хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга А.Камелият Төр засгийн бодлого, шийдвэр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг салбарын хэмжээнд амжилттай хэрэгжүүлэн, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, байгууллагын ил тод байдлыг хангах талаар үр бүтээлтэй ажиллаж, 2023 оны ажлын үр дүнгээр манлайлан “Тэргүүний байгууллага”-аар шалгарсан байгууллагуудын шагналыг гардуулан баяр хүргэлээ.