Аймгийн Засаг дарга А.Камелият Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Естай нарын хамт Өлгий хотыг тойрсон үерийн байгууламжуудын бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа. Зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэж байна. Мөн цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор Ховд голын усны түвшин нэмэгдэж үерлэх магадлалтай тул энэ жил аймгийн хэмжээнд шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс аван ажиллаж байгаа.
Аймгийн Засаг дарга шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлын явцтай газар дээр нь очиж танилцан Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Естай нарт Үерийн далангийн ажилд хяналт тавих, үерийн далангийн эрсдэлтэй газруудад ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг үүрэг болгов. Мөн шар усны үерт өртөх магадлал ихтэй Өлгий сумын 5,11,13,12 дугаар багуудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.