Аймгийн Засаг дарга А.Камелият өнөөдөр /2024.04.22/ Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзан, санал солилцлоо.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-ны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслийн хэрэгжилт, гарч байгаа үр дүнгийн талаар ярилцаж, санал бодлоо солилцсон юм.
Аймгийн Засаг дарга “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслийн хүрээнд Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны 15 байгаль хамгаалагчдад мотоцикл олгож буй явдалд талархал илэрхийлэн, энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагтаа хүрч ажиллах нөхцөл боломж сайжирч, биологийн олон янз байдлын судалгаа, мониторингийн давтамж сайжирч, хуулийг хэрэгжилтийг хангах, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийн тоог бууруулах боломж нэмэгдэх болно гэв. Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман улстай манай аймаг өргөн хүрээний хамтын ажиллагааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэх, ялангуяа боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой” гэсэн юм.
Уулзалтад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яамны Эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер, орчуулагч Б.Батзаяа, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Ботакөз нар оролцов.
Уулзалтын дараа аймгийн Засаг дарга А.Камелият, Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Хэльмут Кулитц нар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн үйл ажиллагаанд оролцож, Монгол Алтайн Нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны 15 байгаль хамгаалагчдад дуулга, бээлий, өвдгөвч зэрэг зориулалтын хамгаалалтын иж бүрэн хэрэгслийн хамт МОТОЦИКЛ гардууллаа.