“Silk Way” Олон Улсын авто ралли уралдаан долоодугаар сарын 5-аас 15-ны өдрүүдэд Оросын Холбооны Улс болон Монгол Улсын нутагт зохион байгуулагдана. Уг уралдаан зохион байгуулагдахтай холбогдуулан Оросын Холбооны Улсаас зохион байгуулагчид манай аймагт хүрэлцэн ирж, аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо.
2009 оноос хойш уламжлал болон зохиогдож байгаа “Silk way” ралли нь авто спортын дэлхийн томоохон бартаат замын уралдаан юм. Тэсвэр тэвчээр шалгасан эр зоригийн энэхүү уралдаанд дэлхийн алдартай тамирчид хурд сорин өрсөлддөгөөрөө онцлогтой. Уралдаанд Монгол орноо төлөөлөн оролцохоор өнөөдрийн байдлаар хоёр тамирчин бүртгүүлжээ.
“Silk way” -2024 уралдаан ОХУ-ын Омск хотоос 7 дугаар сарын 5-нд гараа авч Баян-Өлгий аймгаар хил дамнан 5500 км зам туулан 7 дугаар сарын 15-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод барианд орохоор төлөвлөжээ.