СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧИГДӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2024 онд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жил болж буйтай холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.
   Сургалтад аймгийн ЗДТГ, Төрийн захиргааны байгууллага болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, төлөөлөл, улс төрийн намуудын хэвлэл мэдээлэл хариуцсан албан тушаалтан, холбогдох бусад байгууллагын төлөөллүүд хамрагдлаа.
     Сургалтыг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
    Тус сургалтыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын А/24 дүгээр тушаалаар батлагдсан Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын дарга У.Халиунаагаар ахлуулсан ажлын хэсэг удирдан зохион байгуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөвлөмж, мэдээлэл хүргэлээ.
    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жил болж буйтай холбогдуулан сонгуулийн хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх сургалтыг 21 аймагт зохион байгуулж байна.
   Мөн энэ үеэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Баян-Өлгий аймаг дахь Улсын байцаагчаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Шударга өрсөлдөөн, хууль зүйн салбар дундын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Айсаулед эрх олгож улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг гардууллаа.

You May Also Like