БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ТУРШЛАГА СУДЛАХ, НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

   Баруун бүсийн аймгуудын Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын туршлага судлах, нөхөрсөг уулзалт Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байна. Нөхөрсөг уулзалт Баруун бүсийн аймгуудын Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах, туршлага судлах сургалт хэлэлцүүлгээр эхэллээ.
    Тус уулзалт хэлэлцүүлэг Баруун бүсийн аймгуудын Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагааг сайжруулах, ажил үйлчилгээний туршлага солилцох, төрийн албан хаагчдын чадамжийг нэмэгдүүлэх, хөгжин дэвших, ур чадварыг дээшлүүлэх, төрийн залгамж холбоог бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.
    Уулзалт хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Ховд аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганболд, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал, Баян-Өлгийн аймгийн ЗДТГ-ын хэлтэс, нэгжийн дарга нар болон аймгуудын ЗДТГ-ын ажилтан албан хаагчдын төлөөлөл оролцож байна.
   Уулзалт хэлэлцүүлгийг нээж Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият мэндчилгээ дэвшүүлж, ”Өнөөдрийн сургалт хэлэлцүүлэг, спортын үйл ажиллагаанаас амжилт хүсэж, энэхүү үйл ажиллагааны үр дүнд баруун бүс нутгийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид бие биетэйгээ танилцаж, харилцан туршлага солилцож, ололт амжилт, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн гарц шийдлээ олж, бүс нутгийн ажлын уялдаа холбоо сайжирч цаашид хамтран ажиллахад үнэтэй хувь нэмэр оруулсан арга хэмжээ болон гэдэгт найдаж байна. Та бүхнийхээ түмэн олон, төрийнхөө төлөө зүтгэх ариун үйлст Тань өндөр амжилт хүсэн ерөөе.” Гэв.
    Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед үйл ажиллагааны хөтөлбөр болон холбогдох мэдээллийг хийж, мэндчилгээ дэвшүүллээ.
   Түүнчлэн уулзалт хэлэлцүүлэгт оролцогч аймгуудын удирдлагууд өөрсдийн аймагтаа хийж, хэрэгжүүлж буй онцлох ажил, шинэ санал, санаачилгыг танилцуулж, туршлага солилцож байна.
   Уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид Баян-Өлгий аймгийн музейгээр орж, тус аймгийн түүх, соёлын үзмэрүүдтэй танилцахаас гадна уулзалтын хоёр дахь өдөр гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис, дардас, шагайн харваа, шатар гэсэн спортын 6 төрлөөр авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөнө.

You May Also Like