“Хүүхдийн эрхийг дээдэлье” аймгийн хүүхдийн нэгдсэн чуулган өнөөдөр /2024.05.07/ Хөгжимт Драмын Театрт зохион байгуулагдаж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Хүүдийн зөвлөл хамтран Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, гэмт хэрэг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн дуу хоолой, үзэл бодлыг сонсох, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг бодлого шийдвэрт тусган хэрэгжүүлэх, үр дүн гаргах зорилготой “Хүүхдийн эрхийг дээдэлье” аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг зохион байгууллаа.
Чуулганд аймгийн Засаг дарга А.Камелият, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Х.Бауыржан, Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ө.Танат, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Чуулганыг нээж аймгийн Засаг дарга А.Камелият үг хэлж, мэндчилгээ дэвшүүлж, Хүүхэд мэндэлсэн цагаасаа 18 нас хүртэл эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, төрийн байгууллагын хамгаалалтад байх эрхтэй ба хүүхдүүд маань аюулгүй амгалан тайван, ээлтэй орчинд өсөж, стандартын шаардлага хангасан сургууль, цэцэрлэгт сурч хөгжиж, хүмүүжих ёстой. Хүүхдийн оролцооны байгууллагууд өнөөдрийн чуулганаар хүүхдүүдээс гарсан санал хүсэлтүүдийг дэмжих, санал зөвлөмжүүдийг эрх бүхий байгууллага, холбогдох шатны газарт хүргүүлэн, шийдвэрлүүлэн ажиллахыг хүслээ.
Мөн чуулганаар Хүүхэд хамгаалалд тулгамдаж буй асуудлууд, Насанд хүрээгүй хүүхдээс үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчил түүний шалтгаан, Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдал, авч буй арга хэмжээ, Хүүхдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудал, Хүүхэд хамгаалалд тулгамдаж буй асуудлууд-Хүүхэд бидний нүдээр зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг өрнүүлэв.
Чуулганд аймаг сумдын 420 гаруй сурагчид оролцлоо.