МАЛЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

    Мал эмнэлгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл солилцох, ажлын үр дүнгээ нэгтгэн хэлэлцэх, малын эмч нарыг чадавхжуулах, арга зүйн зөвлөгөө мэдлэг олгох зорилгоор өнөөдөр аймгийн малын эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр салбарын бодлого чиглэл, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм.
    Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг дарга А.Камелият, Мал эмнэлгийн Ерөнхий газрын Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч.Буян-Өлзий, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Бахытгүл нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
    Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга А.Камелият үг хэлж, Манай аймгийн эдийн засгийн гол хөшүүргийн нэг нь мал аж ахуй. Тийм ч учраас малын эмч, мэргэжилтнүүд салбарт тулгамдаж буй асуудлаа нээлттэй зөвлөлдөж, мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангаж, мал эмнэлгийн ажил үйлчилгээг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, нийтийн эрүүл мэндийг сахин эрүүл аюулгүй хүнсээр хангахын тулд мал сүргийг эрүүлжүүлэн эмчлэх, сэргийлэх арга хэмжээнд мал сүргийг бүрэн хамгаалахад малын эмч мэргэжилтнүүдийн хичээл зүтгэл чухал гэдгийг онцлов.
    Сургалт зөвлөгөөнд сумдын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч, улсын байцаагч, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч нар, аймгийн мал эмнэлгийн газрын ажилтан, албан хаагчид оролцож, туршлага солилцож байгаа юм.

You May Also Like