Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
ЭМЯ, ЦХХХЯ-наас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах сургалтыг өнөөдөр /2024.05.10/ Баян-Өлгий аймагт зохион байгуулж байна.
Тус ”Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд“ сургалтад аймгийн эрүүл мэндийн салбарынхан хамрагдаж байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Камелият, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен нар оролцлоо.
Аймгийн Засаг дарга сургалтын үйл ажиллагааг нээж үг хэлж, цаг үеийн талаар мэдээлэл хийж сургалтад оролцогчдод ажлын амжилт хүсэж, Эрүүл мэндийн цахимжилт эрчимчиж, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем И-Монгол-д эрүүл мэндийн нэн шаардлагатай дараах 7 төрлийн тусламж, үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж байгаа нь иргэд үйлчилгээнүүдийг чирэгдэлгүй, хурдан, шуурхай, гар утсаараа авахаас гадна аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх таатай нөхцөл бүрдэж байгааг онцоллоо.
Мөн энэ үеэр хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо хошуучлан тогтвортой амжилт гаргасан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөллийг шагнаж урамшууллаа.