Монгол Улсын Их Хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан.
Тус хуулийн биелэлтийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 166 дугаар тогтоолыг, тогтоолын хавсралтаар арга хэмжээний төлөвлөгөөг баталсан.
“Шинэ хоршоо” хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, үр дүн, үр нөлөөг тандан судалж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг тухай бүр шийдвэрлэх үүрэг бүхий холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл орсон ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын даргын тушаалаар байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандоржоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2024.05.12/ Баян-Өлгий аймагт ажиллаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг малчдад таниулан сурталчлах багийн ахлагч, гишүүнийг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалтад аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах ажлын хэсгийн гишүүд хамрагдаж байна. Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед ахалж гишүүдээр хэлтэс, агентлагуудын дарга нар, хоршоо хариуцсан мэргэжилтнүүд, хоршооны төлөөллүүд ажиллах юм.

“Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжсэнээр малчид хоршоо болон сайн дураар нэгдэж, хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах, дундаж орлоготой чинээлэг малчин өрх бий болж, малчин айлын сарын орлого 5 сая төгрөгт хүрэх боломжтой.