Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон.
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг малчин өрхүүдэд таниулан сурталчлах, мэдээлэл өгөх, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, чадавхжуулах зорилгоор аймгийн Төвд 13 сум бүрээс малчин, хоршоологчид, хоршоо, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнүүдийн 600 гаруй төлөөллийг хамруулсан “Шинэ хоршоо” малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг дарга дарга А.Камелият, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн багийн Ахлах менежер Д.Ган-Эрдэнэ, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Монголын хөдөө аж ахуйн Хоршоологчдын үндэсний холбоо Хоршооны хөгжлийн хэлтсийн дарга Д.Индраа, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн багийн Ахлахчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтантуяа болон хэлтэс, агентлагуудын удирдлагууд оролцлоо.
Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга дарга А.Камелият үг хэлж мэндчилгээ дэвшүүлж, “Хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг орон даяар эхлүүлсэн нь малчдынхаа нийгмийн асуудлыг бодитойгоор шийдэх, ахуй амьдралаа дээшлүүлэн сайжруулахад бодиттой хувь нэмэр оруулан гэдэгт итгэж байна.” хэмээж малчдад хоршиж үйл ажиллагаагаа эхлүүлэх, улмаар хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч болохыг уриаллаа.
Өнөөдрийн зөвлөгөөнөөр малчид хоршооллын талаар мэдээлэл авч, шинэ хоршоо байгуулах, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хууль тогтоомж, хоршоонд олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдахад бүрдүүлэх материал, тавигдах шаардлага, зээлийн нөхцөл, төсөл бичих заавар зэрэг нэн шаардлагатай мэдээллүүдээ авч байна.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Баян-Өлгий аймагт “Жас нур” нэртэй анхны хоршоо байгуулагдаж, малчдын зөвлөгөөний үеэр Улсын бүртгэлийн гэрчилгээгээ гардаж авлаа. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах ажлын хэсгийн гишүүдийг зөвлөгөөнд оролцогчдод танилцуулав.