Засгийн газраас өрнүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий талаар малчдыг мэдээллээр хангах, арга зүйн дэмжлэг зөвлөгөө өгөх “Малчдад туслах үйлчилгээний цэг”-ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 дугаар байр буюу Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байгууллаа.
Үйлчилгээний цэгийн нээлтэд аймгийн Засаг дарга дарга А.Камелият, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед болон хэлтэс, агентлагуудын удирдлагууд оролцлоо.
Уг цэгээс малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийн талаар цогц мэдээлэл зөвлөгөө, арга зүйн дэмжлэг авах боломжтой.
Шинэ хоршоо хөдөлгөөн” нь малчид сайн дураараа нэгдэж хоршсоноор хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээлд хамрагдах, хамтдаа хөгжих боломжийг олгох юм. Тухайлбал, хоршооны нэг малчин 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэй авах боломжтой. Хоршоо байгуулахдаа, сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулна. Анхан шатны хоршоог 9 ба түүнээс дээш иргэн хамтран байгуулахаар заасан байна.
Үйлчилгээний цэгийн нээлтийн үеэр “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд “Өгөөмөр Тайширын Буян” нэртэй хоршоо байгуулагдаж, Улсын бүртгэлийн гэрчилгээгээ гардаж авсан юм.