Уламжлал болгон зохион байгуулдаг “Илүү их уншъя”, 35 дахь удаагийн “Номын баяр”-ыг өнөөдөр /2024.05.15/ орон даяр тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Уг тэмдэглэлт өдрийг угтан аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газар, Б.Ахтаны нэрэмжит номын сангаас өнөөдөр Өлгий хотын төв талбайд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст номын эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Номын баяр”-ын хаврын арга хэмжээг зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат, Соёл урлагийн газрын дарга К.Бекжан, аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга М.Армия, Монголын зохиолчдын эвлэлийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Б.Зархум, Б.Ахтаны нэрэмжит номын сангийн захирал Д.Алтынгүл нар оролцож, мэндчилгээ дэвшүүлж, ном уншдаг ард түмэн хөгждөг, унтдаг ард түмэн мөхдөг гэдэг, иймд бүх нийтээр номтой нөхөрлөж, ном уншихыг уриаллаа.
35 дахь удаагийн Номын баяраар номд дуртай, номыг шимтэн уншдаг уншигч, бичигч иргэд, хүүхэд багачууд, номын хорхойтнууд дунд Шилдэг “Гэр номын сан”, цэвэр бичигтэн, түргэн уншлага, үлгэрийн баатруудын дүрийн тоглолт, гар зургийн уралдаан, аха тэмцээн, шилдэг уншигч, шилдэг уншигч анги хамт олон, шилдэг уншигч гэр бүл зэрэг уралдаануудыг зарлаж, шилдгүүдээ тодруулж, шагнал гардууллаа.