Баян-Өлгий аймагт хоногт 4200м3 лагийг цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж шинээр Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдаж байгаа. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Засаг даргын орлогч Х.Арманаар ахлуулсан Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих” төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Өнөөдөр /2024.05.31/ тус ажлын хэсгийн гишүүд хуралдаж Баян-Өлгий аймагт Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдаж буй 4200м³ хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн гүйцэтгэлийн явц байдал, цаашид анхаарах асуудал болон Өлгий сумын хүн амын өсөлт, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүний хүрээнд төлөвлөгдөж буй болон шинээр баригдаж буй үйлчилгээний болон орон сууцны барилгууд, жижиг дунд үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж, ажлын хэсгийн гишүүд саналаа солилцов.
Аймгийн Засаг даргын орлогч Х.Арман ажлын хэсгийн гишүүн “SWT” компанийн төлөөлөгч Х.Криштоф, ”Байгууламж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чинболд тэргүүтэй төлөөллүүдэд Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг хоног 5000 м³ байхаар нэмэгдүүлэх, Цэвэрлэх байгууламжийн бохирын даралтын хос Ф250 шугамыг Ф300 болгож өөрчлөх, нэгдүгээр бохир усны насосын хүчин чадлыг нэмэгдүүлж, технологийн шинэчлэлт хийх зэрэг тулгамдаж буй асуудлуудыг тавьж, хамтран холбогдох дэд байгууллагуудад уламжлахаар боллоо.