Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан баярын Нэгдсэн арга хэмжээ аймгийн хүүхэд, залуучуудын паркт батлагдсан хөтөлбөрийн хүрээнд ёслол төгөлдөр болж өндөрлөө.

Нэгдсэн арга хэмжээг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нээж үг хэлж, Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Х.Бауыржан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш нар оролцож нийт хүүхэд багачуудад болон ард иргэдэд мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Улсын төрөлжсөн олимпиадын гуравдугаар даваанаас сурлагын өндөр амжилт гаргаж аймгийнхаа нэрийг улсын хэмжээнд дуурсгасан 14 сурагчдад хүндэтгэл үзүүлж, баяр хүргэн шагнан урамшуулав.

“Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг анх 1925 онд Женевт Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн бага хурлын үеэр тунхагласан. Харин манай улс 1952 оноос эхлэн 72 дахь жилдээ Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж байна.