Сонгуулийн хууль, тогтоомжийг сонгогчдод тайлбарлан таниулах, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл явцын талаарх мэдээ, мэдээллийг сонгогчдод хүргэх, саналын хуудасны загвар, санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг танилцуулах зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооноос өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу аймгийн Сонгуулийн хороо Мэдээлэл технологийн багтай хамтран өнөөдөр /2024.06.02/ аймгийн төв талбайд “Сонгогчийн өдөрлөг” зохион байгууллаа.
Аймгийн Сонгуулийн хороо санал авах загвар гэр тохижуулан иргэд, сонгогчдод саналын хуудас тэмдэглэх талаар зааварчилж, санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг танилцууллаа.
Мөн Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, сонгуулийн шинэ тогтолцоо, сонгуулийн тойрог, мандат, санал тэмдэглэх заавар, тэдгээрийн онцлог болон сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар сонгогчдыг мэдээллээр хангахаас гадна сонгогчдын сонгуулийн боловсролыг дээшлүүлэх танилцуулга, ном товхимлоор үйлчиллээ.
“Сонгогчийн өдөрлөг”-ийг ирэх амралтын өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдах юм.