МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УОК-ЫН ДАРГА НИЙСЛЭЛ, 21 АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮДТЭЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

   Цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр энэ зургаадугаар сарын 17-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа. Иймд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга нийслэл, 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийн, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар холбогдох үүрэг чиглэл өглөө.
   Тэрээр Завхан, Өвөрхангай аймгуудын нутгаар зургаадугаар сарын 12-нд орсон түр зуурын аадар борооны улмаас Завхан аймгийн Улиастай суманд 20 орчим айлын байшин, гэр, хашаа руу үерийн ус орсон, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт айлын 5 ханатай гэр, Богд сумын нутагт 2 айлын гэр үерт өртөж, 500 гаруй бог мал хорогдоод байна. Тиймээс орон нутгийн түвшинд бэлэн байдлыг хангаж, үер усны аюулаас сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэн, гүйцэтгэлийг хангаж ажиллах шаардлагатайг онцоллоо.
    Мөн Улсын онцгой комиссын 2024 оны “Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллах, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан үерийн эрсдэлтэй цэгүүдэд шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг байршуулах, үерийн эрсдэлтэй газар суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үерээс хамгаалах далан, суваг, шуудуунд үзлэг шалгалт тогтмол зохион байгуулах, гарц, урсцыг нээж, хяналт тавьж ажиллах, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэхийг чиглэл болголоо.
Цахим хурлын дараа аймгийн Онцгой комиссын гишүүд үргэлжлүүлэн хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ.
Үүнд:
Нэгдүгээрт: Үерийн гамшгийн голомтод ажиллахад нэн шаардлагатай худалдан авах багаж хэрэгслийг танилцуулах асуудал
Хоёрдугаарт: Өлгий сумыг тойрсон үерийн усыг хуримтлуулах цооног, хайс хийх ажил болон зарцуулах зардлын тооцоог танилцуулах асуудлыг хэлэлцлээ.

You May Also Like