“Төрийн албаны өдөр”-өөр аймгийн 19 төрийн захиргааны байгууллагын 38 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Энэ оноос жил бүрийн долоодугаар сарын 3-ны өдрийг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар хуульчилсан.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх журам 1995 батлагдан хэрэгжсэнээс хойш 29 жилийн дараа Ерөнхийлөгчийн зарлигаар шинэчилж, улс орон даяар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Мухамед, аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Бахытгүл болон хэлтэс, агентлагийн дарга нар оролцлоо.
Тангараг өргөх ёслолын арга хэмжээг нээж Аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Мухамед үг хэлж, Тангараг өргөсөн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллаж, эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хариуцлагатай, шударга, эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвх санаачилагатай ажиллахын зэрэгцээ хуулийн хүрээнд ажиллаж аймаг орон нутгийн хөгжил дэвшилд өөрийн оюун ухааныг дайчилж ажиллахыг хүслээ.
Монгол улсын иргэн Төрийн жинхэнэ албанд орохдоо Төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг Монгол Улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх заалт, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу ёс төртэйгөөр өргөдөг билээ.