“ӨЛГИЙ ЦЭЦЭРЛЭГ” ХҮРЭЭЛЭНД 30 МЕТРИЙН ӨНДӨРТ ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛЛАА

   Төрийн далбаагаа хүндэтгэн мандуулах нь Монгол эх орон, үүх түүх, өв соёл, уламжлал, тусгаар тогтнолоороо бахархах нэгэн илэрхийлэл билээ. Тэгвэл өнөөдөр /2024.07.10/ 2004 оны аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөгчид төгсөлтийнхөө 20 жилийн ойн баярын хүрээнд олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлж, өөрсдийн оролцоо хандиваар аймгийнхаа бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулж, эв нэгдлийн илэрхийлэл болгон аймгийн ард иргэд, хүүхэд багачууд чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх “Өлгий цэцэрлэг” хүрээлэнг барьж байгуулан нээлтээ хийж, алтан соёмбот Төрийн далбаагаа мандууллаа.
  Төрийн далбаатай “Өлгий цэцэрлэг” хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат тэргүүтэй аймгийн удирдлагууд, Хууль хүчний байгууллагын удирдлагууд, 2004 оны төгсөгчдийн төлөөлөл, ард иргэд оролцлоо.
  Аймгийн удирдлагууд 2004 оны нийт төгсөгчдөд 20 жилийн ойн баярын мэндийг хүргэн, цаашдын ажил үйлс, амьдралд нь аз жаргал хүсэж, аймгийнхаа бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулж, эв нэгдлийн илэрхийлэл болгож энэхүү цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулсан явдалд талархал илэрхийллээ.
   2004 оны төгсөгчид 20 жилийн ойн баяраар ийнхүү 21 аймагтаа анхдагч болж 30 метрийн өндөрт алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, 1 тэрбум төгрөгөөр “Өлгий цэцэрлэгт хүрээлэн”-г ашиглалтад орууллаа.
   Нэг га талбай бүхий тус цэцэрлэгт хүрээлэнд орчин үеийн стандартад нийцсэн хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол, иргэд амарч суух сандал, саравч, ногоон байгууламжийг цогцоор нь бий болгожээ.

You May Also Like