Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монгол Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 84 жилийн ой, Үндэсний их баяр наадам нартай, хуртай сайхан болж өндөрлөлөө. Энэ жил наадамчин олон Төв цэнгэлдэх хүрээлэн болон морь барианы газарт наадлаа.
Баян-Өлгий аймгийн алдар цуутай эрхэм хүндтэй хүмүүс мөнх хөх тэнгэртээ Монгол улсынхаа төрийн далбааг өргөн мандуулж, аймгийн цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал зохион байгуулан, Монгол улсын төрийн дууллыг эгшиглүүлж, аймгийн Засаг дарга А.Камелият Өлгий нутгийн зон олондоо баяр наадмын мэндчилгээ дэвшүүлснээр нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхэлсэн юм. Нар хур тэгширсэн, налгар өдрүүдэд хүчит бөхөө барилдуулж, хурдан морьдоо уралдуулж, сур, шагайгаа харваж цэц мэргэнээ сорин, “Айтыс” буюу харилцаа дуугаар мэргэн ухаан, авхаалж самбаагаа сорьж, шүлгээ зохиож домбордож дуулан өрсөлдөж, “Кыз куар” буюу үндэсний хувцсаар гоёсон охид, хөвгүүд наргиж уралдан, “Көкпар” буюу эр зоригт эрчүүд нь тулам булаалцаж хүчээ сорин, гайхуулж наадав.
Үндэсний их баяр наадам хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүү бөх тодорсноор өндөрлөлөө. Наадмын зүлэг ногоон дэвжээнээс Баяннуур сумын харьяат аймгийн заан Е.Көптилек уран мэхээ уралдуулж, Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Т.Ерболатаар долоо давж түрүүлэн Аймгийн Арслан цол хүртэв.
Уншигч та бүхэндээ баяр наадмын мэдээллийг тоймлон хүргэхэд ийм байна. Харин баяр наадмын үеэр зохион байгуулагдсан арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг тусдаа хүргэх болно.