МОНГОЛ ОРНЫ ДЭЭВЭР, АЛТАЙН НОЁН ОРГИЛ АЛТАЙ ТАВАН БОГД УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

   Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 181 дүгээр зарлигаараа Алтай Таван Богд уулыг төрийн тахилгатай уул хайрхны жагсаалтад оруулж, тэнгэрийг тайх ёслолыг таван жилд нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
   Хайрханыг тайх төрийн ёслолыг 2014, 2019 онуудад зохион байгуулж байсан бол энэ жил Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 07 дугаар сарын 22-ны өдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын Улаагчин гахай өдөр Алтай таван богд хайрхан уулын Тахилгат овоонд боллоо.
  Хайрханыг тайх төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүд Д.Бум-Очир, У.Отгонбаяр, Э.Болормаа, Х.Жангавыл, Т.Аубакир, Б.Бейсен, С.Зулпхар, С.Замира, аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, Төрийн ёслолын газрын дарга Э.Одмөнх, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, ЕТГ-ын ББХШГ-ын дарга С.Янжинсүрэн, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Дугаррагчаа, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Жавзандорж тэргүүтэй төрийн элч төлөөлөгчид болон гадаад, дотоодын зочид, жуулчид, орон нутгийн иргэд оролцлоо.
   Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагааг нээж аймгийн Засаг дарга А.Камелият үг хэллээ. Тэрээр “Өнөөдөр энэ бэлгэт сайн өдөр Таван богдын тэнгэрийг гурав дахь удаа тахиж байна. Уул овооны тайлга тахилга бол үеийн үед байгалиа дээдэлж, зохицон амьдрахыг чухалчилж ирсэн нүүдэлчин ард түмнээс үр хойчдоо нутаг усаа хайрлан хамгаалахыг сургаж, ухааруулах, дадал болгох агуулгатай уламжлалт ухаан юм. Алтай Таван Богд хайрхныг төрийн тахилгат уул болгож, тахиж буй энэ ёслолын агуулгыг хүүхэд залуучуудад ойлгуулж, өдөр бүр уул усаа хайрлан хамгаалж, сүслэн дээдэлж заншихыг уриалж байна. Алтай ханы Таван богд хайрхны тэнгэр Та биднийг ивээлдээ авч болгоон соёрхож, буян заяаг маань арвитган, өгөөж хишгээ хайрлан, аливаа ган зуд, гамшиг, муу бүхнээс зайлуулж, аз хийморийг дэвжээн, үндэстэн ястны эв нэгдлийг бэхжүүлж, энх амар, элбэг дэлбэг байлгаж соёрхоно уу…
   Өнөөдрийн тахилгын ёслолын үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгч хүрэлцэн ирсэн Эрхэм хүндэт улсын маань Төрийн тэргүүн ноён Ерөнхийлөгч танд орон нутгийн иргэдийн талархалыг илэрхийлэхийн яалдамд арга хэмжээний бэлтгэлийг хангаж удирдан зохион байгуулж буй Ерөнхийлөгчийн тамгын газар, Төрийн ёслолын алба, хууль хүчний байгууллагууд, аймгийн Засаг даргын Тамгын газар, тахилгын ёслолыг үйлдэн ном айлдахаар морилон ирсэн лам хуврагууд, болон бусад албаны бүх хүмүүс та бүхэнд гүн талархаж байгаагаа илэрхийлье.” Гэв.
  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирж, хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Баян-Өлгий аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Өндөр сүрлэг Алтай Таван богдоо түшин нутаглаж, өлгий сайхан нутгаа хүндлэн дээдэлдэг Баян-Өлгийчүүд их хайрхныхаа хайр хишгийг хүртэж, эв нэгдлээ бататган, ажил үйлсээрээ үлгэрлэж, үеийн үед дэвжин байхын ерөөлийг” өргөн дэвшүүлэв.
Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч Алтайн магтаал хайллаа. Дараа нь УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Алтай Таван богд хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.
   Лам хуврагууд Буман цагаан судар, Алтай Таван богд хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, үндэсний сурын Улсын мэргэн, урианхай сурын дархан мэргэн, буриад сумын хошой мэргэн М.Батгэрэлд хүлээлгэн өгч, тус аймгийн Цэнгэл сумын аварга малчин Ч.Хэнзхүүгийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгож сэтэрлэлээ.
Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Баян-Өлгий аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн ёслол өндөрлөсөн юм.

You May Also Like