Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 181 дүгээр зарлигаараа Алтай Таван Богд уулыг төрийн тахилгатай уул хайрхны жагсаалтад оруулж, тэнгэрийг тайх ёслолыг таван жилд нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Хайрханыг тайх төрийн ёслолыг 2014, 2019 онуудад зохион байгуулж байсан бол энэ жил Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 07 дугаар сарын 22-ны өдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын Улаагчин гахай өдөр Алтай таван богд хайрхан уулын Тахилгат овоонд болсон.
Энэ үеэр Алтай Таван богд хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн Музейд хадгалуулахаар аймгийн Засаг дарга А.Камелиятад хүлээлгэн өгсөн юм.
Өнөөдөр /2024.08.07/ аймгийн Засаг дарга А.Камелият Алтай Таван богд хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн Музейд хадгалуулахаар тус Музейн захирал А.Айшагүлд гардуулан өглөө.