Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын ТТЭСЭШХ, Горный Алтай мужийн ТТЭСС-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумд, Цагааннуур тосгоны нутагт хил орчмын бүсэд орших Сийлхэмийн бүлэг голомтот нутгуудад тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил, хүн амын халдварлах эрсдэлийг тогтоох зорилгоор 2024 оны 7 дугаар сарын 15-наас эхлэн 21 хоногийн турш тандалт судалгааг хийлээ.
ОХУ болон Монгол Улсын засгийн газрын хоорондын гэрээний дагуу хамтарсан баг Улаанхус, Цэнгэл, Ногооннуур, Бугат сумд, Цагааннуур тосгоны нутагт хил орчмын бүсэд орших Сийлхэмийн бүлэг голомтод тарваган тахлын байгалийн голомт хяналтын болон хүн амын дундах тандалт судалгааг 2017 оноос хойш 8 дахь жилдээ хамтран хийж байна.
Сийлхэмийн голомтод хийсэн тандалт судалгааны тайланг танилцуулах зорилгоор аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүдийг оролцуулан хамтарсан багийн гишүүдтэй өргөтгөсөн хурал, уулзалтыг энэ сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулав.
Хуралд тус судалгаагаар Баян-Өлгий аймагт тарваган тахлын голомт маш өндөр идэвхтэй байгаа бөгөөд тарваган тахлын хүний өвчлөл гарах маш өндөр эрсдэлтэй байгаа нь тогтоогдсон талаарх мэдээллийг ОХУ-ын Эрхүү хотын ТТЭСЭШХ-ийн зоопаразитологийн тасгийн эрхлэгч, биологийн ШУ-ны доктор В.М.Корзун ЗӨСҮТ-ийн тархвар судлагч их эмч Д.Отгонбаяр нар танилцууллаа.
Уулзалтын үеэр Улаанхус, Ногооннуур, Бугат сумд, Цагааннуур тосгоны нутагт хил орчмын бүсэд орших Сийлхэмийн бүлэг голомтот нутаг дэвсгэрт амьдарч байгаа малчид, ард иргэд болон Алтай Таван Богд уулыг сонирхогч аялагчид, амрагчид тарваган тахлын голомтот бүс нутгийг дайран өнгөрч байгаа тул аймгийн зүгээс анхаарахыг хүсэж, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх боломж, бололцооны талаар талууд дэлгэрэнгүй санал солилцлоо.
Мөн ОХУ-ын Эрхүү хотын ТТЭСЭШХ-ийн зоопаразитологийн тасгийн эрхлэгч, биологийн ШУ-ны доктор В.М.Корзун Сийлхэмийн голомтод хийсэн судалгааны үр дүнгийн талаарх судалгааны багийн гишүүд мэргэжилтнүүдийн бичиж эмхэтгэсэн номыг аймгийн Засаг дарга А.Камелиятад гардуулан өглөө.
2019 онд Баян-Өлгий аймагт Сийлэхмийн голомтод тарваган тахал өвчин гарч хоёр хүн нас барсан. Иймд тарваган тахлын улиралчлалын энэ үед ард иргэд тарваган тахлын халдвар авах эрсдэлтэй үйлдлүүдээс татгалзан сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.