ХААН Банк сан, Хавдар Судлалын үндэсний Төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран хүн ардад хорт хавдраас урьдчилан сэргийлэх, мэдээлэл хүргэх, эрт оношлохын ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 2011 оноос хойш зохион байгуулж ирсэн. Тус аян Баян-Өлгий аймагт дөрөв дэх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр аймгийн төв талбайд нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, ХААН банкны Иргэдийн банк хариуцсан дэд захирал Д.Ариунбат, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук, ХААН банкны Баян-Өлгий салбарын захирал Л.Өнөржаргал болон эмч, эмнэлгийн ажилтан албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Аяныг нээж аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед үг хэлж, ард иргэдэд хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, эмчлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэх, өвчний эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрээс сэргийлэх талаар ухуулан, таниулах ажлыг амжилттай хэрэгжүүлж буй ХААН Банк, Хавдар Судлалын үндэсний Төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж, иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг бүрэлдэхүүн тус аймгийн аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 6-ны өдөр хүртэл ажиллаж, иргэдийг хавдрын үзлэг оношилгоонд хамруулан, нарийн мэргэжлийн тусламж үзүүлэхээс гадна хавдар хэмээх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгөх юм.
ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сан энэхүү аянд өнгөрсөн хугацаанд нийтдээ 1.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.