Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсийн тэргүүн эгнээнд ямагт байж, байгалийн голомтот, зоонозын өвчнийг тандах, хянах, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлж, өвчний эрсдэлийг багасган, хүний өвчлөл, эндэгдлийг бууруулах үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн, зохион байгуулах үүрэг бүхий Зоонозын өвчин судлалын төв үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойн баярын арга хэмжээ өнөөдөр /2024.09.05/ боллоо.
Зоонозын өвчин судлалын төв үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойн баярын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн зөвлөх зэрэгтэй тархвар судлагч, их эмч, Ц.Отгонцэцэг, Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга, клиникийн профессор, ахлах зэрэгтэй их эмч, Ч.Үржих болон эмч, эмнэлгийн ажилтан албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Баярын арга хэмжээг нээж Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга, клиникийн профессор, ахлах зэрэгтэй их эмч, Ч.Үржих үг хэлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед “Зоонозын өвчин судлалын төвийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажилтнууд, үе үеийн ахмадуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, тус төв нь хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсийн тэргүүн эгнээнд ямагт байж, зоонозын буюу мал амьтнаас хүнд халдварладаг өвчлөлөөс эрт сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх, оношлох, өвчлөл гарсан үед хариу арга хэмжээ шуурхай зохион байгуулах үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг дурдлаа.Түүнчлэн дэлхий дахиныг хамарсан коронавируст халдварын тархалтын үед тус төв халдвар хамгааллын дэглэм сахиулах, эмч мэргэжилтэн, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй хүчний байгууллагынхан, иргэдийг сургах, голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийх, лабораторийн оношилгоо хийх зэрэг үйл ажиллагааг стандартын дагуу гүйцэтгэж хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, манлайлан ажиллаж байсныг онцлов.
Зоонозын өвчин судлалын төв нь анх БНМАУ-ын Си3-ийн 1964 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 149 тоот тогтоолоор Увс аймгаас Баян-Өлгий аймагт шилжүүлэн баруун 3 аймгийн 12 сая гаруй га газар нутгийг хамааруулан Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах аймаг дундын станц нэртэйгээр байгуулагдаж, 1988 -1991 онд Ариун цэвэр, халдварт судлалын станцын харья Байгалийн голомтот халдварт өвчинийг эсэргүүцэн судлах хяналтын тасаг, 1991-2006 онд Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газар, 2006-2012 онд Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төв, 2012-оноос Эрүүл мэндийн газрын харьяа Зоонозын өвчин судлалын төв болон өргөжиж, одоо лаборатори, тандалт, тавхгар судлал, захиргаа аж ахуй гэсэн 3 тасаг, 27 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.