Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын Үндэсний сур болон Урианхай сурын харвааны түрүүг Баян-Өлгийн аймгийн харваачид авч, “Улсын мэргэн” хэмээх хүндтэй цолыг хүртэж, нутгийн зон олноо баярлуулсан юм.
Аймгийн Засаг даргын 2024 оны А/604 дүгээр захирамж гарч Улсын мэргэн цол хүртсэн Үндэсний сурын Улсын мэргэн Нармандахын Алтансүх, Урианхай сурын Улсын мэргэн Тавхиагийн Галхүү нарын цолны мялаалга наадмыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг өнөөдөр/2024.09.06/ Урианхай сурын Улсын мэргэн Тавхиагийн Галхүүгийн цолны мялаалга наадмын нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Наадмын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох, аймгийн Сурын холбооны тэргүүн С.Алтанцоож, Буянт сумын Засаг дарга Н.Хибатай, Монголын Урианхай сурын холбооны нарийн бичгийн дарга Болбаатар, Монголын Үндэсний сурын холбооны нарийн бичгийн дарга Нямбаяр, Монгол Улсын Эрхий мэргэн Жамбал, Монгол Улсын Дархан мэргэн Батгэрэл, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Буян-Өлзий нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэн орон нутгийн зүгээс Улсын мэргэн цол хүртсэн амжилтыг нь талархан үнэлж 20 сая төгрөг, Өргөмжлөл гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
Спортын мастер Т.Галхүү нь Буянт сумын уугуул бөгөөд Үндэсний Их баяр наадмын Урианхай сурын харваанд 330 харваатай өрсөлдөж, 24 оноогоор тэргүүлэн, түрүү харваачаар тодорч, Урианхай сурын “Улсын мэргэн” хэмээх хүндтэй цолыг хүртсэн. Улсын мэргэн цолны мялаалга наадмын Урианхай сурын харваа зохион байгуулагдаж, эрхий мэргэчид цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.