Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын Үндэсний сур болон Урианхай сурын харвааны түрүүг Баян-Өлгий аймгийн харваачид авч, “Улсын мэргэн” хэмээх хүндтэй цолыг хүртэж, нутгийн зон олноо баярлуулсан юм.
Аймгийн Засаг даргын 2024 оны А/604 дүгээр захирамж гарч Улсын мэргэн цол хүртсэн Үндэсний сурын Улсын мэргэн Нармандахын Алтансүх, Үндэсний сурын Улсын мэргэн Тавхиагийн Галхүү нарын цолны мялаалга наадмыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг өнөөдөр/2024.09.07/ Урианхай сурын Улсын мэргэн Нармандахын Алтансүхийн цолны мялаалга наадмын нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Наадмын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш, Сурын холбооны тэргүүн С.Алтанцоож, Монголын урианхай сурын холбооны нарийн бичгийн дарга Болбаатар, монголын Үндэсний сурын холбооны нарийн бичгийн дарга Нямбаяр, Монгол улсын Эрхий мэргэн Жамбал, Монгол улсын Дархан мэргэн Батгэрэл нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэн орон нутгийн зүгээс Улсын мэргэн цол хүртсэн амжилтыг нь талархан үнэлж 20 сая төгрөг, өргөмжлөл гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
Улсын мэргэн Н.Алтансүх нь Алтай сумын уугуул бөгөөд Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд 868 харваатай өрсөлдөж, 38 оноогоор тэргүүлэн, түрүү харваачаар тодорч, Үндэсний сурын “Улсын мэргэн” хэмээх хүндтэй цолыг хүртсэн.