Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/323 дугаар тушаалаар “Улсын хэмжээнд теле камерын хяналтын нэгдсэн төв, дэд төвүүдийг байгуулах, камержуулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, судалгаа,санал дүгнэлт боловсруулах” ажлын хүрээнд гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн камержуулалтын ажлыг зохион байгуулж байгаа билээ.
Тус ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, мөн тус албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн теле хяналтын ашиглалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Болор-Эрдэнэ, мөн тасгийн инженер, цагдаагийн ахмад Г.Түвшинбаяр нар Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга А.Камелият өнөөдөр /2024.09.16/ тус ажлын хэсгийн гишүүдийг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар камержуулалтын чиглэлээр Төрөөс баримтлах бодлого, хууль эрх зүйн орчин, камержуулалтын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын жишиг, камержуулалтын чиглэлээр Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил, сайн туршлага сэдвүүдээр хэлэлцэж, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд орон нутагт “Теле камерын хяналтын дэд төв” байгуулах, камержуулах, дэвшилтэд технологи нэвтрүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, байр зардлыг шийдвэрлүүлэх, хэрэгцээ, шаардлагын талаар санал солилцлоо.
Уулзалтад аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ө.Танат, Захиргааны удирдлагын тасгийн дарга, дэд хурандаа Ж.Жанболат, Ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахмад М.Нурханат, аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн Төсвийн мэргэжилтэн Б.Маргулан, Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль тогтоомжийн лавлагааны сан, бодлого төлөвлөлт, системчлэл хариуцсан мэргэжилтэн К.Назерке нар оролцлоо.