Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа Баян-Өлгий аймгаас эхлүүлж өнөөдөр /2024.09.21/ тус аймагт ажиллаж байна.
Албан томилолтын хүрээнд УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламентын ирэх жилүүдэд баримтлах стратеги төлөвлөгөө болон хууль эрх зүйн шинэчлэл, бодлого, үйл ажиллагааны талаар аймгийн иргэдтэй уулзаж, танилцууллаа.
Энэ үеэр тэрбээр “2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад 126 гишүүн сонгогдож, нийгмийн олон салбарын төлөөлөл шийдвэр гаргах түвшинд ажиллаж эхэллээ.
Үүний үр дүнд төлөөллийн чадвар сайжирч, ардчилсан тогтолцоо бэхжиж, улс төрийн намууд төлөвших боломж бүрдэх болно” гэдгийг онцлов. Мөн Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийг анх удаа хосолсон тогтолцоогоор зохион байгуулсны үр дүнд Баян-Өлгий аймгаас УИХ-д таван гишүүн сонгогдож ажиллахаар боллоо.
Улиран сонгогдсон Т.Аубакир, Б.Бейсен, шинээр сонгогдсон С.Зулпхар, Х.Жангабыл болон Баян-Өлгий аймгаас анх удаа УИХ-д эмэгтэй гишүүнээр сонгогдсон С.Замира нарт баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
Түүнчлэн “Бүсчилсэн хөгжлийн шинэчлэлийг үргэлжлүүлж, аймаг орон нутгууд өөрсдийн онцлогтоо тулгуурлан хөгжих бодлогыг хэрэгжүүлнэ. Баруун аймгуудад дэд бүтэц, авто зам, аялал жуулчлал, эрчим хүчний салбараа хөгжүүлж, хилийн боомтуудад түшиглэн эдийн засгийн өсөлтийг бий болгоно.
Баян-Өлгий аймгийн хувьд Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл чиглэлийн хатуу хучилттай авто замын дөрөвдүгээр хэсэг, Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрын цахилгаан хангамж, Сумдын төвийн хатуу хучилттай авто зам /Дэлүүн, Өлгий сум/, Өлгий нисэх буудлын өргөтгөлийн барилга, Даян боомт чиглэлийн авто замын зураг төсөл, “Шинэ Өлгий хороолол” төсөлд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийлгэх зэрэг ажлуудыг 2025 онд улсын төсвөөр эхлүүлж, бүсчилсэн хөгжлийн бодлогын шинэчлэлийн хүрээнд бий болгоно.”гэв.
Улсын Их Хурлын даргын орон нутгийн иргэдтэй хийх уулзалтад УИХ-ын гишүүд Т.Аубакир, Х.Жангавыл нар оролцож, иргэд хөдөлмөрчдөд хандан мэндчилгээ дэвшүүлэв.
Мөн энэ үеэр эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртээснийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүд Т.Аубакир, Х.Жангавыл нар гардуулан өгч, баяр хүргэлээ.