АЙМАГ, СУМЫН БҮСЧИЛСЭН НОГООН ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭХЛЭЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

   Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хамтран “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 17 аймгийн 52 суманд хэрэгжүүлэхээр 2019 оноос судалгааны ажил хийгдэж, төсөлд нийт 735,0 сая ам долларыг зарцуулахаар төлөвлөжээ.
  Төслийн баг, Эдийн засаг хөгжлийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Азийн хөгжлийн банкны төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тус ажлын хэсэг нь аймгийн удирдлагууд болон холбогдох агентлагуудын дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж төслийн талаар мэдээлэл өгч цаашид төслийг хэрэгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
   Хөтөлбөрт Баян-Өлгий аймгийн төвийн 5, 13 дугаар баг болон Дэлүүн сумын төвд зам, шугам, сүлжээ, усан сан, үерийн усны хамгаалалтын байгууламж, агропарк, олон нийтийн төв, дотуур байр, спорт комплекс зэрэг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд болон бэлчээр ашиглагчдын хэсгүүд байгуулж, жижиг төслүүдэд тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийх сум дундын, аймгийн, бүсийн түвшинд хоршоо байгуулах. Мөн мал эмнэлгийн үйлчилгээний тогтолцоонд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, лаборатори, хорио цээрийн байгууламж барих, тэжээлийн ургамал тариалахад шаардагдах услалтын систем байгуулах зэрэг ажлууд багтсан байна.
   Хөтөлбөрийн хүрээнд Аймаг, сумын төвүүдийн дэд бүтцийг байгуулахад 395.7 сая ам.доллар, Бэлчээрийн менежментийг сайжруулахад 99.2 сая ам.доллар, Агро-бизнес эрхлэгчдэд бага хүүтэй, ногоон ХАА-н бизнес зээл олгоход 117.6 сая ам.доллар, Институцийн чадавх, бодлогыг бэхжүүлэхэд 38.5 сая ам.доллар зарцуулах юм.

You May Also Like