АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АГЕНТЛАГИЙН УДИРДЛАГУУДТАЙ НҮҮР ТУЛСАН АНХНЫ УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ

   Аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, аймгийн Засаг дарга Е.Зангар нар өнөөдөр /2024.11.18/ байгууллага, агентлагийн удирдлагуудтай уулзаж санал солилцон цаашдын зорилго, үйл ажиллагааны зарчмын талаар мэдээлэл хүргэлээ.
  Аймгийн Засаг дарга Е.Зангар байгууллага, агентлагийн удирдлагуудад хандан хэлсэн үгэндээ: Миний бие орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймгийн Засаг дарга хэмээх нэн хариуцлагатай албан тушаалд томилогдон үүрэгт ажилдаа орсон. Аймгийн Засаг даргын хувьд нам харгалзахгүй, хуулийн хүрээнд төр, ард түмнийхээ төлөө ажиллана. Ирэх сард үйл ажиллагааны хөтөлбөр болон 2025 оны төсвөө батлуулна гэх мэт олон ажил хүлээж байна.Тиймээс Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа, шат шатандаа хэрэгжүүлэхэд илүү санаачилгатай ажиллах нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглээд улс төрийн өөр хүчин, өөр уриатай, өөр үйл ажиллагааны хөтөлбөртэй орж ирсэн учраас төрийн албаны процесс болон та бидний ажилд томоохон өөрчлөлт гарах ёстой. Манай нам сонгуульд оролцохдоо зоригтой өөрчилнө гэсэн зорилгоор уриалж оролцсон. Энэ бол зүгээр нэг хоосон лоозон байх ёсгүй. Өөрчлөлт гэдэг нь хэрэгжих боломжтой, ард түмэн рүү чиглэсэн, ард түмний төлөө бодлого явуулдаг, ард түмний эрх ашгийг нэгд тавьдаг төрийн хэлбэр лүү өөрчлөх явдал юм. Иймд та бид нэгэн зорилгод нэгдэж зүтгэцгээе. Улс төрийн сонгууль болдгоороо болж өнгөрлөө, одоо ажлаа хийе. Улс төржихөө болъё. Нэн тэргүүнд хариуцлага, сахилга бат, хандлагаа өөрчилье. Миний зорилго бол шударга байх, ард түмний төлөө байх, төрийн өмнө хүлээсэн үүргээ чадварлаг гүйцэтгэх, төрийн бүтээмжийг сайжруулах, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад анхаарна ажиллан гэдгээ онцолж, энэхүү уулзалтад хүрэлцэн ирж оролцсон удирдлагуудад баярлаж талархсанаа илэрхийлэв.
  Уулзалтын үеэр зарим байгууллага, агентлагийн удирдлагууд Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдож, ирэх 4 жилийн хугацаанд аймгийг удирдах хариуцлагатай албанд томилогдож байгаа Аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, Аймгийн засаг дарга Е.Зангар нарт баяр хүргэн, ажлын амжилт хүсэж, хариуцсан салбарын удирдлагын хувьд салбарынхаа нэн тэргүүний шийдвэрлэх тулгамдсан асуудлуудаа танилцууллаа.

You May Also Like